Wednesday, October 28, 2009

Ногоон тэрлэг

Зуны аагим халуун өдөр гялаан толгойт лам залуу усанд явна. Тэрхүү залуухан ламтан эцэг эхээсэ өнчирсөн хөөрхийлөлтэй нэгэн байлаа. Нас бага байхад нь хийдийн хөгшин лам түүнийг дэргэдээ авч өсгөж номын эрдэмд суралцуулсан билээ. Намуун дөлгөөн бодлогширсон харцтай тэрээр эрдэм номд шамдан суралцаж цаашдаа энэ хийддээ шавилхаар шийдсэн байжээ. Залуухан ламтанг Аюур гэх агаад дөнгөж 20шүргэж яваа нэгэн. Цэцэг навчис дэлгэрсэн үзэсгэлэнт нуга дунд орших булагийг зорин алхах тэрээр бушуу усаа авчихаад хошуу ноёны бага хатанг харахыг хүснэ. Түүний шавилан суух хийдийн ойрлцоо шинээр газар сэлгэж суусан Ван ноёных нутаглна. Тэрхүү ноёнтон 50шүргэсэн хөгшин хүн атлаа өөрийн үр хүүхдээс дутхааргүй залуухан охинийг богтолж авчран бага хатнаа болгосон билээ. Тэрхүү хатантанг Хуаржин гэх агаад 17настайдаа ноёны хатан болж иржээ. Энэ хавьдаа үзэгдэж харагдаад байдаггүй гоо нэгэн ба уран цэцэн үгтэй гэж жигтэйхэн нэгэн байжээ. Залуухан Хуаржин Вангийн бага хатан болж ирээд хэсэгтээ улс амьтантай үг дугралгүй сувдан хэлхээ лугаа нулимс унагадаг байсан боловч цаг хугацааны эрхэнд хувь тавилантайгаа нэгэнт эвлэрчээ. Бас ч үгүй хошуу ноёнд тоогдсондоо бахархана. Бүстэй үр болох Базарыга төрүүлснээс хойш төрүүлж өсгөсөн ижий аав, ижилдэн дассан нөхөд, нутгаа бүр мөсөн мартах ёстойгоо нэгэнт ухаарчээ.
Хийдийн залуу ламтангаар дутахгүй тэр хавийн харчуул цөм Хуаржинд нүд унагаж хувь заяаанда гомдно. Тэр дунд Аюур Хуаржинд хэдийнээ сэтгэл алдарсан байлаа. Бяцхан хийдэд мөргөл хийх гэж ирэх Хуаржинг харах бүрдээ бяцхан зүрх нь оволзон байж ядна. Өдөр хоног өнгөрсөөр...
Хошуу ноён удаан хугацаагаар аянд явхаар болжээ. Энэ яанд явсан хугацаа нь 2хүний амьдралыг шийдсэн хугацаа байлаа. Ван ноён яваад хэдийнээ 3хоножээ. Хуаржин өөрийн өргөөнд хүүгийн хамтаар суух агаад эргэн тойронд зарц барлаг болон нилээдгүй зайтай их хатных оршино. Хөгшин хатан Хуаржинтай төдийлөн үг дугрдгүй бөгөөд Хуаржинтай сэтгэлийн үг хуваалцах хүн үгүй ажээ. Их хатан Хуаржинг үзэн ядахийн дээдээр үзэн ядаж нэг бус удаа хорлох гэж оролдож байжээ. Гэвч оролдлого болгон нь бүтэлгүйтэж тэрээр энэ байдалтайгаа эвлэрсэн хөөрхийлөлтэй нэгэн. Уйтгар гунигт автах болсон Хуаржин хатан нар мандах үест хойд Хайрхан өөд гаран сууж хайрт ижийгээ санагалзан гунигт дуу аялна. Гуниг нөмөрсөн сэтгэлийг нь жаахан ч атугай дэвтээх ганц үр Базарыга байгаад нь дотроо сэм бурханд талархана. Хуаржин шүтлэг ихтэй нэгэн учраас ойролцоох хийдрүү ганц хоёр зарц барлагын хамтаар бараалхах нь олонтаа. Хийдээр дайрах болгонд нь тосон авах тэр дүрлэгэр бор нүд. Амар амгалан, айдас түгшүүр, хүчтэй дурлал Хуаржингийн сэтгэлд оршино. Ингэж болохгүйг мэддэг ч гэлээ сэтгэлээ барьж эс дийлнэ. Жигүүртэй лугаа тэмүүлэх сэтгэлийг яалтай.
Нэгэн аадартай өдөр. Аюур багшынха сударыг мартсанаа санаж хийдрүү санд мэнд гүйн ирэв. Тэр үед Хуаржин түүнийг ирэхийг мэдсэн юм шиг хүлээн зогсох аж. Хийдэд 2залуугаас өөр хүн үгүй. Бороонд хорогдон зогсох Хуаржин юутай үзэсгэлэнтэй харагдна вэ. Мойл хар нүд, улаахан цэцэгийн дэлбээ мэт хөөрхөн уруул, жижигхэн өндөр хамар. Бүх зүйл нь тэгш сайхан. Бороонд хорогдох дүр үзүүлэх Аюур удаан дуугуй зогссоны эцэст сая ам нээлээ. Бороо намдах арай болоогүй байх шиг байна, ахайтан та дулаан өрөөнд түр саатан морил. Хэмээн дор гэгч нь бөхийх Аюурыг харсан Хуаржин инээд алдан араас нь даган дулаан өрөө гэж нэрлэгдэх өмгөр жижигхэн өрөөнд орж ирэв. Бие биенлүүгээ удаан хугацааны туршид хулгайн харц бэлчээсний эцэст Хуаржин тэссэнгүй Аюурыг тэврээд авлаа.
Хуаржин дэндүү аз жаргалтай байлаа. Уйтгартай зовлонт амьдрал нь одо л утга учиртай болж байгаа санагдна. Өдөр хоног өнгөрсөөр, Аюуртайгаа уулзалдсаар. Ван ноён ч ирэх дөхөөд байлаа. Хуаржин Аюур түүний ирэх өдрийг хоног тоолон хүлээсээр. Тэдний аз жаргалт амьдрал нь удахгүй төгсчих юм шиг уйтгар гунигаар дүүрэн байх болов. Төөрсөн заяа төөрөг, зовлонт хайрын түүх. Бүсгүй хүн, цагаан зээр2 нутаггүй гэгч үнэн үг юмдаа. Тэдний хамт байх мөч удаан үргэлжилсэнгүй. Хамт байх үест нь Их хатны зарц нууцаар сэм дагаж яваад харчихжээ. Унийн завсраар харахад Аюур Хуаржин бие биенийгээ хайрлан энхрийлж цэнгэл үйлдэх тэр үес. Санаа алдалт, гинших дуу, хацар даган урсах нулимс ба энхрий зөөлөн үнсэлт. Тиймээ, энэ бол хайр.
Төд удалгүй Ван ноён урт хугацааны аянгааса нэгэнт иржээ. Ноёныг өргөөндөө тухлан цай оочлох үест Их хатан 2залуугийн учир явдлыг ноёнд нэгд нэгэнгүй тоочиж амжжээ. Ноёны мэлмийд уур гутралын оч манасхийнэ, гэвч дуугуй цайгаа оочлон сууна. Аюур бол зүгээр л нэг ядуухан лам, Хуаржин угсаа гарал сайтай бас Вангийн бага хатан. Гэвч одо тэд юу ч биш, зүгээр л хумхын тоос болон хувирсан.
Тэнгэрт ганцаардах саран авхай мэлмэрүүлнэ. Тэр сарлуу ногоон тэрлэгтэй бүсгүй хүний сүг гунигтай ширтэн сууна.


2009

1 comment:

  1. Өөрийн чинь бичсэн өгүүллэгүүд үү?

    Сайн бичих юм аа

    ReplyDelete